Хариуцлагатай Уул уурхай гэж юу вэ?

Уурхайг ашигласнаар улс орны хөгжилд нь нэмэртэй, ард түмний амьдралд тустай, байгаль орчин, хүний эрүүл мэндэд хохиролгүй байхыг хэлэх ба энэ нь уул уурхайг төлөвлөж эхлэхээс авахуулаад дуусах хүртэл хийгдэх олон талын цогц арга хэмжээ юм. Монголын уул уурхайн Үндэсний Ассоциаци нь 2006 оноос Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилгыг гаргаж эрхэм зорилгоо “Монгол улсын эрдэс баялгийн салбарт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцох....” гэж тодорхойлж, энэхүү зарчмийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа билээ. Монголын уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх, тэдгээрийн тогтвортой хөгжлийг хангах,тэдгээрийн дунд манлайлагчдийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү кодексийг МУУҮА- ийн ажлын алба боловсруулж, Ассоциацийн зөвлөл хэлэлцэж Чуулганы хуралдаанаар дэмжигдэн хэрэгжүүлж байна.



Монголын уул уурхайн үндэсний ассоциаци нь эрдэс баялгийн салбарын тогтвортой байдлыг бий болгох, тус салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг чадавхжуулах зорилгоор “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.        Тус хөтөлбөрийг НҮБХХ-ийн  “Байгаль орчны нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал төсөл”-н хүрээнд 2018 онд боловсруулсан “Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага ба үнэлгээний аргачлал”-д суурилан боловсруулсан бөгөөд 2019 онд МУУҮА-ийн санаачилгаар  "Хариуцлагатай Уул уурхайн сайн дурын кодекс“-т олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх зорилгоор зохион байгуулсан "Хариуцлагаар Нэгд" аянд  салбарын тэргүүлэх 8 КОМПАНИ  нэгдэж харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар тус хөтөлбөр нь хэрэгжиж эхэлсэн.

Энэхүү хөтөлбөр нь Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс, кодексийг хэрэгжүүлэх заавар, өөрийн үнэлгээ хийх заавар гэсэн 3 баримт бичгээс бүрддэг. Тухайн хөтөлбөрт нэгдэж байгаа байгууллага эхний жилд кодексийг нэвтрүүлэх сургалтанд хамрагдах, кодексийн дагуу өөрийн үнэлгээ хийж тайлан гаргах, өөрийн үнэлгээ хийх явцдаа зөвлөгөө авах гэсэн үе шатуудыг дамжих бол  МУУҮА нь кодексийн дагуу гаргасан тайланг олон нийтэд хүргэх, МУУҮА-ийн Зөвлөлийн дэргэдэх “Олон талт зөвлөл”-р хэлэлцүүлж зэрэглэл тогтоох, олон нийтэд зарлах ажлыг зохион байгуулах юм. Тус хөтөлбөр нь Хариуцлагатай уул уурхайн 8 зарчим, 5 хамрах хүрээ 29 шаардлагаас бүрдэх ба дээрх шаардлагуудыг үр дүнгийн менежментийн тогтолцооны Төлөвлө-Гүйцэтгэ-Шалга-Сайжрлуул (PDAC) гэсэн  аргачлалаар хэрэгжүүлэх юм.

Холбогдолтой материалууд

Өөрийн үнэлгээ